2003 онд Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш 25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайтай, далайн төвшнөөс дээш 1200-1400 м өргөгдсөн, дов толгорхог хэлбэртэй 24184,96 га талбайд геолог хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” ХХК-д олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд дараахи геолог хайгуулын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Геохимийн дээжлэлт бүхий геологийн эрлийн маршрут
- Бүх талбайг хамруулсан 1:25000 масштабтай геологийн зураглалын ажил ба хэтийн төлөв бүхий талбайд хийсэн 1:10000-ны зураглалын ажил геохимийн зураглалын хамт
- Геофизикийн ажлууд /соронзон ба цахилгаан хайгуул/
- Өрөмлөгийн ажил
- Уулын ажил
2007 онд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр талбайд 15 тн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ өгсөн байдаг. 2011-2012 онуудад талбайн 120га газар буюу нийт талбайн 0,5%-д геолог хайгуулын өрөмлөгийн ажлыг явуулсан ба ажлын үр дүнд нөөцийн В+С зэрэглэлээр 0,77%-ийн зэсийн дундаж агуулгатай 1,9 сая тонн хүдэр, Р зэргээр 0,03%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 260,1 мян.тн хүдрийн нөөц тогтоон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулсан.
“Монголросцветмет” ХХК нь 2015 оны 6-р сарын 08-ны өдөр Хяргас нуур ордын зэсийн нөөц тогтоогдсон болон таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.
“Хяргас нуур” талбайд хийгдсэн геолог хайгуулын ажлын үр дүнгээр зэс, төмөр, алт, бусад металлын хэтийн төлөв бүхий илрэлүүд байдаг бөгөөд тэдгээрийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай юм.