МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.

 

Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас энэ оны 2 дугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж бий болоод байна.

 

Өнөөдөр "Монголросцветмет" ТӨҮГ Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр төмрийн баяжмалын анхны арилжааг /2023.09.15/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн эхний арилжаанд 17 багц буюу 51 мянган тонн төмрийн баяжмалыг тонн тутмыг 90.0 ам.доллароос дуудаж 99.5 ам.доллароор борлуулав. Хоёр дахь арилжаанд 7 багц буюу 21 мянган тонн төмрийн баяжмалыг тонн тутмыг 93 ам.доллароос дуудаж 94 ам.доллараар борлуулав.